2010
2010 оны Эв найрамдлын гүйлтийн товхимлыг татаж авах PDF
Азийн Эв найрамдлын гүйлтийн товхимлыг татаж авах PDF
Даян Дэлхийн Эв Найрамдлын Гүйлт бол улс түмнүүдийн найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх зорилготой бүх дэлхийг хамардаг буухиа гүйлт юм. Гүйгчид эв найрамдлын бэлэг тэмдэг болсон галт бамбарыг барьж гүйн гараас гарт дамжуулан дэлхийн 100 гаруй орноор аялуулдаг. Даян Дэлхийн Эв Найрамдлын Гүйлт нь ашгийн болон улс төрийн зорилго агуулаагүй арга хэмжээ бөгөөд үүнд энгийн ард иргэдээс эхлээд дэлхийн нэртэй удирдагчид хүртэл нэгдэн оролцож, найрамдал нөхөрлөл, эв нэгдлийн төлөө хүсэл мөрөөдлөө илэрхийлэх боломжтой юм. Энэхүү гүйлтийг 1987 онд нэрт тамирчин, философич, зураач, яруу найрагч Шри Чинмой санаачилснаас хойш энэ жил 13 дахь удаагаа зохиогдож байна. Харин Монгол улс энэхүү гүйлтэнд 1995 оноос нэгдэн оролцож буй бөгөөд энэ жил 8 дахь удаагаа оролцож байна.
Энэ онд олон улсын гүйгчдийн баг галт бамбараа барин дэлхийн таван тивийн 100 гаруй улс орны нутаг дэвсгэрээр 70,000 гаруй км урт замыг туулна. 2010 оны Евразийн чиглэлийн гүйлт нь 4-р сарын 24-нд Японоос гараагаа авч, Солонгос, Хятад, Монгол, Казахстан зэрэг 12 орны нутаг дэвсгэрээр 20,000 гаруй км замыг туулан 9-р сарын 27-нд ОХУ-ын Москва хотноо өндөрлөнө. Манай улсыг төлөөлж, Япон улсад 1 гүйгч, Солонгос улсад 3 гүйгч, БНХАУ-д 9 гүйгчтэй баг олон улсын багтай нэгдэн гүйхээр төлөвлөж байна.
Монгол, Орос, Америк, Финлянд зэрэг орны гүйгчдээс бүрдсэн олон улсын баг БНХАУ-ын нутаг дэвсгэрт 5-р сарын 9-нд Жалантун хотоос гараагаа авч, 5-р сарын 15-нд Дорнод аймгийн Хавиргын хилийн боомтоор орж ирэн манай орны нутгаар гүйх эхлэлээ авна. Монголын зүүн хилээс баруун хил хүртэл 2600 км зам туулна. Гүйлтийн баг 5-р сарын 23-нд нийслэл хотод орж ирэх бөгөөд цааш гүйн 6-р сарын 8-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цагааннуурын боомтоор ОХУ-ын хилээр нэвтэрч, 6-р сарын 13-нд Горно-Алтай хотноо Оросын Эв найрамдлын гүйлтийн багт галт бамбараа шилжүүлэн өгнө.