2012 оны Ази Номхон Далайн Эв Найрамдлын Гүйлт
2012 оны Ази Номхон Далайн Эв найрамдлын Гүйлтийн товхимлыг татаж авах PDF
Даян Дэлхийн Эв Найрамдлын Гүйлт бол улс түмнүүдийн найрамдал
нөхөрлөлийг бэхжүүлэх зорилготой бүх дэлхийг хамардаг буухиа гүйлт юм.
Гүйгчид эв найрамдлын бэлэг тэмдэг болсон галт бамбарыг барьж гүйн
гараас гарт дамжуулан дэлхийн 100 гаруй орноор аялуулдаг. Даян Дэлхийн
Эв Найрамдлын Гүйлт нь ашгийн болон улс төрийн зорилго агуулаагүй арга
хэмжээ бөгөөд үүнд энгийн ард иргэдээс эхлээд дэлхийн нэртэй удирдагчид
хүртэл нэгдэн оролцож, найрамдал нөхөрлөл, эв нэгдлийн төлөө хүсэл
мөрөөдлөө илэрхийлэх боломжтой юм. Энэхүү гүйлтийг 1987 онд нэрт
тамирчин, философич, зураач, яруу найрагч Шри Чинмой санаачилснаас хойш
энэ жил 13 дахь удаагаа зохиогдож байна. Харин Монгол улс энэхүү
гүйлтэнд 1995 оноос нэгдэн оролцож буй бөгөөд энэ жил 8 дахь удаагаа
оролцож байна.
Энэ онд олон улсын гүйгчдийн баг галт бамбараа барин дэлхийн таван тивийн 100 гаруй улс орны нутаг дэвсгэрээр 50,000 гаруй км урт замыг туулна. 2012 оны Ази Номхон Далайн Бүсийн Эв найрамдлын гүйлт нь 3-р сарын 5-нд Шинэ Зеландаас гараагаа авч, Австрали, Индонез, Сингапур, Малайз, Япон, Солонгос, Хятад, Монгол, Орос, Казахстан зэрэг 11 орны нутаг дэвсгэрээр аялан 7-р сарын 25-нд Казахстаны Астана хотноо өндөрлөнө. Манай улсыг төлөөлж, Япон улсад 1 гүйгч, Солонгос улсад 2 гүйгч, БНХАУ-д 10 гүйгчтэй баг олон улсын багтай нэгдэн гүйхээр төлөвлөж байна.
Монгол, Орос, Австрали, Серби зэрэг орны гүйгчдээс бүрдсэн олон улсын баг БНХАУ-ын нутаг дэвсгэрт 5-р сарын 20-нд Хөх хотоос гараагаа авч, 5-р сарын 25-нд Замын-Үүд боомтоор Монголд орж ирнэ. Галт бамбар Монголын урд хилээс баруун хил хүртэл 13 аймаг, 41 хот суурин газраар дамжин өнгөрч, 2830 км зам туулна. Эв найрамдлын галт бамбар 5-р сарын 30-нд нийслэл хотод орж ирэх бөгөөд цааш аялан 6-р сарын 17-ны өдөр Увс аймгийн Боршоо боомтоор ОХУ-ын хилээр нэвтэрч, 6-р сарын 27-нд Красноярск хотноо Оросын Эв найрамдлын гүйлтийн багт шилжинэ.